Жил бүрийн долдугаар сарын 10-ныг Төрийн далбааны өдөр болгон хуульчилж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус өдрийн энэ жил 11 дахь жилдээ Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлж, төрийн гурван өндөрлөг төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Мөн уг ёслолд дотоодын зэвсэгт хүчин, цэргийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн оролцож парад жагсаж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн юм. 

Одоогийн хэрэглэж буй Монгол улсын төрийн далбааг 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэж эхэлсэн бөгөөд 2012 оноос эхлэн Төрийн далбааны стандартыг шинэчлэн мөрдөж эхэлсэн байна. 

Далбааны гурав хуваасны нэг хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байдаг.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, 2009 оноос тэмдэглэгдэж эхэлсэн юм.