Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд Чингис хаан одонт эрхмүүд хүндэт зочид оролцсон юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 оны нэгдүгээр сард зарлиг гаргаж, Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгох ажлын хэсэг болон ШУА-аас өргөн барьсан саналыг үндэслэн хааны мэндэлсэн огноог “билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй” гэсэн байдаг.

Зураг: Ерөнхийлөгчийн тамгын газар

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Уг зарлигийн дагуу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр, өөр өдөр тохиодог бөгөөд өнгөрсөн жил 11-р сарын 19-нд тохиосон байна.

Мөн өнөөдөр тус өдрийг тохиолдуулан улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болох бөгөөд энэ үеэр ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэх юм.

Зураг: Ерөнхийлөгчийн тамгын газар