НЗДТГ-аас иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг, хамгийн их цаг зарцуулдаг нийслэлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажлыг үе шаттайгаар зохин байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Ингэхдээ дэлхий нийтэд хамгийн их ашиглагдаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт цахим үйлчилгээний программуудыг нэвтрүүлж байгаа бөгөөд системийг нийслэлийн төр захиргааны 14-15 мянган албан хаагчид ашиглах гэнэ.

Ингэснээр төрийн бүх үйл ажиллагаа нээлттэй хүнд сурталгүй болж, орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох юм байна.

Өөрөөр хэлбэл төрийн хүнд суртал, хээл хахууль арилж, иргэд төрийн байгууллагад өгсөн өргөдөл гомдлоо өөрийн утас компьютероосоо хянаж, ямар албан тушаалтан, аль шатанд явж байгааг хянах үнэлгээ өгөх боломжтой болох гэнэ.

“Уг системийг нийслэлийн төр захиргааны байгууллагад нэвтрүүлснээр нэг ёсондоо хов живийн байдлаар хариуцлага ярьдаг бус, ажлын гүйцэтгэлээ үнэлж дүгнэдэг болно. Дээр нь төрийн бүхий үйлчилгээг цахим хэлбэрээр авахаас гадна иргэдийн оршин суугаа хаяг хүн амын байршил сургууль цэцэрлэгийн тоо мэдээлэл, санхүү төсөв зэрэг бүгд нэгдсэн бүртгэл зохион байгуулалтай болно” гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Төрийн үйлчилгээ энэ хэлбэрт бүрэн шилжвэл иргэд төрийн үйлчилгээг авах гэж оочерлож, цаашлаад нэг цэгийн үйлчилгээг ч зорих шаардлагагүй болох юм байна.