Орчин үед хурдацтай хөгжиж буй цахим мэдээллийг хангах, төрийн үйлчилгээний мэдээллийг шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгарч байгаа юм.

Энэ хүрээнд Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг арилгаж, хүртээмжтэй болгох үүднээс цахимжуулахаар тусгасан бөгөөд уг ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан юм.

Гэвч төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо цаасан суурьтай, байгууллагын чиг үүрэг, стандарт, цахим архивын тухай хууль тогтоомж, холбогдох журам дутмагаас үүдэн төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсч байгаа гэнэ.

Иймд ЗГХЭГ-аас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, цахим шилжилттэй холбогдох журмыг боловсруулах ажлыг эхлүүлжээ.

Цахим мэдээллийн суурь бүтцийг оновчтой тавих нь цахим шилжилтийг түргэтгэх үндэс болно гэж ажлын хэсгээс мэдэгдсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо нэгдсэн зохион байгуулалт нэн чухал гэдгийг мөн онцоллоо.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах зорилтын хүрээнд нийслэлийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Тухайлбал, боловсрол, байгаль орчин, газар, архив, аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах ба нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлжээ.