Нацистуудын тухай өгүүлэх, бараан инээдмийн төрлийн Жожо Туулай кино энэ жилийн Торонтогийн олон улсын кино наадмын дээд шагнал болох Олны таашаал шагналыг хүртлээ. 

Ингэснээр тус кино ирэх оны Оскарын наадамд амжилт үзүүлэх магадлал өндөртэй болж байна. Учир нь өнгөрсөн оны Торонтогийн олон улсын кино наадмын ялагч Ногоон ном кино Оскарын шилдэг зураглалын шагналыг хүртсэн юм. 

Мөн өмнөх ялагчид болох Ядуусын хорооллын саятан, Хааны айлдвар, 12 жилийн боол кинонууд Академийн шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор шалгарч байжээ. 

Жожо Туулай киноны үйл явдал 1940-өөд оны Дэлхийн хоёрдугаар дайны үед өрнөх ба бяцхан Герман хүү ээжийгээ гэртээ Еврей охин нууж байгааг олж мэдэж буй тухай өгүүлэх юм. 

Тус киног Тор: Рагнарок киноны найруулагч Тайка Уайтити найруулсан ба гол дүрд жүжигчин Скарлетт Йоханссон тогложээ. Уг кино нь ирэх сард Лондоны киноны наадамд оролцох ба ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх юм. 

Харин Торонтогийн олон улсын кино наадмын хоёрдугаар байранд энэ жилийн Каннийн кино наадмын шилдгээр шалгарсан Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жун Хогийн Паразит кино орсон байна. 

Торонтогийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн саналаар шалгаруулдаг ба өөр томоохон кино наадмын өнгөөр тодорхойлдог гэж шүүмжлэгчид үздэг юм. 

Эх сурвалж: BBC, The guardian