Нэр бүхий 32 гишүүн УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж бойкот зарласан ч тэрээр хуулийн хүрээнд чуулган хэвийн явагдах ёстой гэж мэдэгдсэн юм. Ийнхүү чуулган үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ба үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, хоригийг хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргахаар завсарлага аваад байна.

Ерөнхийлөгч энэ сарын 15-нд ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан бөгөөд дийлэнх гишүүд хоригийг хүлээж авбал Монгол улс төсөвгүй 2019 онтойгоо золгох эрсдэлтэй байгаа учир дэмжихгүй гэх байр суурь илэрхийлээд байсан юм.

Харин өчигдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай албан бичгийг УИХ-д ирүүлсэн байна.

Ингэснээр дэгийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлах хууль эрх зүйн боломж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд дурдаад мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг зардлаас танах замаар 2019 оны төсөвт нэмж тусгах хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн юм.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд хугацаа энэ сарын 28-нд дуусгавар болно. Тиймээс энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагатай болоод байгаа юм.