Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Ингэснээр Тост, Тосон бумбын нурууны нийт 896540,37 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо.

Гэвч улсын тусгай хамгаалалтад аваад буй тус газарт хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байгаа юм. Иймд Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгууллаа. 

Энэхүү ажлын хэсэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавьж, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгана. 

Сануулбал, Даваа гарагт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Тостын нуруу нь Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар бөгөөд Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг байна.