Ням гарагт буюу өчигдөр Архангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан Ланд крузер 200 маркийн суудлын автомашин Баянхангай сумын Тав хангай гэх газар замын зорчих хэсгийн хажуу руу унасан байна.

Уг ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын найман алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн дөрвөн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн ажилтан нарын хамт очин ослоос амьд үлдсэн 11 настай охиныг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна.

Харин уг машин дотор зорчиж явсан 40-47 насны дөрвөн иргэн, таван настай нэг хүүхэд нас барсан байсан тул цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Их хэмжээний бороо орж, үер буусны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн зам үерт автсан тул өнөөдрийн 18:00 цаг хүртэл хаагаад байна. Түүнчлэн Улаанбаатар- Мандалговь чиглэлийн замд үер бууснаас замын хоёр тал үерт эвдэгдэн, доогуураа усанд идэгдэн зорчих боломжгүй болжээ.

Иймд тус чиглэлийн замыг мөн өнөөдрийн 18:00 цаг хүртэл хаасан ба иргэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа.