Өнөөдөр улсынхаа баяр наадамдаа торгон жолоогоо өргүүлсэн тод магнай, онч мэргэнээ сорьсон цэц мэргэнээ тодруулан шагнаж, хүчит бөхийн үзүүр түрүү тодорч Төв цэнгэлдэхэд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа явагдана.

Иймд төв цэнгэлдэх нийслэлчүүд төдийгүй жуулчдын хөл хөдөлгөөнд дарагджээ. Наадмын хуушуур амтлах гэсэн иргэд хуушуурын асруудад оочерлож харагдана. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур худалдаа үйлчилгээний чиглэлээр 400 ААН-д зөвшөөрөл олгосон юм. Наадмын хуушуур өмнө жилээсээ үнэ нь нэмэгдэж 1500 төгрөг болжээ. 

Эдгээр ААН-дэд НМХГ-ын 63 улсын байцаагч худалдаа хяналт шалгалт хийж байна. Өглөөний 11:00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, шинжилгээнд хамрагдаагүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, таван кг хонины махыг хураан авч устгалд оруулжээ.

Хуушуурын асруудаас гадна нарны шил, малгай хувцасны асрууд ч мөн эгнээтэй харагдана. Жил бүр цэнгэлдэх орчим хар зах шиг болдог байдал энэ жил ч мөн адил давтагдав. Иргэд худалдаа наймаа хийхээр бус баяр наадам үзэхээр Төв цэнгэлдэхийг зорьж байгаа нь ойлгомжтой. 

Харин эдгээрийн оронд наадмын нээлт үзэж чадаагүй гундуухан яваа жуулчид, тасалбар хүрэлцээгүй иргэд рүү чиглэсэн үндэсний ёс заншил, хэв маягийг шингээсэн үзвэр үйлчилгээ, адаглаад наадамчид амран суух сүүдрэвч байрлуулсан бол оновчтой шийдэл байх байв.

Түүнчлэн нийтийн бие засах газрын хүрэлцээ хангамжийн асуудал жил бүр наадамчдад хүндрэл учруулдаг. Энэ жил цэнгэлдэх орчимд 20 гаруй био жорлонг байршуулсан бөгөөд зарим нь ажиллахгүй байна. Гэхдээ иргэдийн урт дараалалд дарагдаагүй байгаа нь сайшаалтай ч үнэ нь нэмэгдэж 300 төгрөг болжээ.

Наадамчин олны аюулгүй байдал, хэв журам сахиулах үүднээс Цэнгэлдэх орчимд цагдаагийн байгууллагын 1000 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Мөн 68 ширхэг хяналтын камер хүн ихээр цуглардаг цэгүүдэд байрлуулжээ.

Ихэвчлэн бага насны хүүхэд төөрөх, халаасны хулгайн гэмт хэрэг зөрчил гарч байгааг албаныхан хэллээ. Өчигдөр, өнөөдрийн байдлаар гэхэд бага насны 31 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүргэж өгсөн байна.

Мөн бага насны хүүхдүүдэд эцэг эхийн утасны дугаар бүхий бугуйвч зүүлгэн, жуулчдад зориулсан гарын авлаг материалыг Англи хэл дээр хэвлэн тарааж байгаа ба жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 40 гаруй оюутан цагдаа ажиллаж байгаа юм. 

Манай иргэд жил ирэх баяр ёслолын арга хэмжээнд соёлтой оролцдог болсныг энэ жилийн наадмын өнгө төрх, хоггүй цэвэрхэн наадмын талбай илхэн харуулна. Энэ жил хоггүй цэвэрхэн наадацгаая аяныг мөн үргэлжлүүлж байгаа ба тав алхаад л хогийн сав, хоггүй наадацгаая гэсэн уриалга барьсан залуучууд олныг уриалж байлаа.