Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэг өчигдөр гарсан юм. Хотын даргаар ахлуулсан НЗДТГ-ын ажилтнууд ослын газарт ажилласан бөгөөд ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа.

Ослын тухайд төв цэвэрлэх байгууламжийн есөн ажилтан хорт хийнд өртсөн ба тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байна. Харин амь насаа алдсан дөрвөн иргэний цогцсыг өчигдөр 16:34-17:23 цагийн хооронд лагаас гарган авчээ.

Энэхүү осол Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцад гарсан ба урьдчилсан дүгнэлтээр лаг шахах, сорох хоолойн насосыг нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн байна. Насосны хэсэгт 50-60 сантиметр зузаан өтгөн лаг хуримтлагдсан ба үүнийг сооруулан зайлуулж ажил үргэлжилж байгаа гэж хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ. 

Одоогоор амьд үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа гэнэ. Мөн дөрвөн хүн сэтгэлзүйн тусламж авч байгаа юм.

Ийнхүү төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хэвийн болох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судлаж арилгахаар болжээ.

Мөн талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, эмнэлэгт эмчлүүлж буй таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарна гэж албаныхан мэдээллээ.

Тус хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул шалтгаан нөхцөл тогтоогдож, дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.