Төв цэвэрлэх байгууламжид осол гарч ажиллаж байсан дөрвөн ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу аврагчид очин төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж аврах ажиллагаанд хүндрэлтэй байдал үүсчээ.

Мөн энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан учир таван метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайсан байна. Ийнхүү таван машин, хоёр мотопомпоор лагийг соруулж 16:34 цагийн орчимд хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авчээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хоёр ажилтан лаг руу унаж, араас нь хоёр ажилтан аврахаар орж дөрвүүлээ нас барсан байна.

Одоогоор албаныхан ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ба НОБГ, УСУГ, ЦЕГ, НЗДТГ-ын ажилтнууд Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна.