Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил долдугаар сараас эхэлсэн ба графикийн дагуу үргэлжилж байна. Тодруулбал, барилга угсралтын талбайн бэлтгэлийг хангаж, түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. 

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь нийт 40 га талбайд баригдах бөгөөд 24.7 га талбайд барилга байгууламж барих юм. Харин үлсэн талбайд авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологийн аргаар цэвэрлэж, технологи үйл ажиллагааг бүхэлд нь хянаж удирдах ухаалаг скада системээр тоноглох юм.

Уг бүтээн байгуулалтыг Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ба 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Одоогоор барилгын талбай дээр 50-60 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа бол бүтээн байгуулалтын үед 500-600 ажилтан ажиллана гэж тооцсон байна.

Одоогийн ашиглаж буй Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээ хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул гол руу нийлүүлж байгаа юм. Харин шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ялгарсан усыг ус дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх боломжтой болно.