Барилгын салбарын дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэг их наяд хүрч, 10 хувиар нэмэгдсэн гэж БХБЯ-аас мэдэгдлээ. Мөн яамны захиалгаар улсын хэмжээнд 322 тэрбум төгрөгийн 157 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа гэж салбарын сайд Х.Баделхан хэллээ.

Үүний дараа дэд сайд Д.Мөнхбаатар Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг арилгах зорилгоор Монгол, Японы эрдэмтэд хамтран лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ. Ингэснээр нийслэл даяар үнэртэж буй өмхий долдугаар сараас арилах гэнэ. Түүнчлэн Төв цэвэрлэхийн лагийг бордоо, хар шороо болгох ажлыг хэрэгжүүлж байгаа юм.  

БХБЯ-аас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг гаргасан ба эхний  таван сарын байдлаар 2309 зээлдүүлэгчид 162 тэрбум төгрөг олгосон байна.

Мөн Солонгосоос олгож буй 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр Солонго 1, 2 хорооллыг барих гэнэ. Харин Хятадаас олгож буй 2 сая юанийн буцалтгүй тусламжаар дараах бүтээн байгуулалтын инженерийн шугам сүлжээг хийхээр төлөвлөжээ. Үүнд,

  • 10 мянган амины орон сууц
  • Иргэн, ААН-ийн газар дээр 57 мянган орон сууц
  • Ашиглалтын шаардлага хангахгүй 3000 орон сууцыг шинээр барих
  • 18488 түрээсийн орон сууц барина

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай Хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэж мэдэгдлээ.