Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Панмунжом тосгон дахь хоёр Солонгосын зэвсэггүй бүсийг давж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай гар барилаа. Ингэснээр Трамп Хойд Солонгосын хилийг давсан Америкийн анхны ерөнхийлөгч болж байна. 

Трамп энэ талаар сэтгүүлчдэд хандан Хойд Солонгосын газар нутагт хөл тавьсандаа бахархалтай байгаагаа илэрхийлжээ. 

Харин Ким Жон Ун тус уулзалтыг хоёр удирдагчийн гайхалтай харилцааны бэлэг тэмдэг гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. 

Энэхүү уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хоёр орны хэлэлцээрт эерэг үр нөлөө авчирна гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Трамп Японы Осака хотноо зохиогдсон Их 20-ын уулзалтын дараа буюу Бямба гарагийн орой Өмнөд Солонгост ирж тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсан байна. Улмаар энэ үеэр тэрээр удирдагч Ким Жон Унтай уулзах санал тавьжээ. 

Трамп, Ким Жон Ун нар өнгөрсөн онд Сингапурт анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаа хийж Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар ярилцсан билээ. Улмаар тэд өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд хийсэн хоёр дахь уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар гэрээ хийнэ гэж ажиглагчид үзэж байсан ч уулзалт цагаасаа эрт өндөрлөсөн юм. 

Учир Трамп, Ким Жон Ун нар цөмийн хөтөлбөрийг зогсоосны дараа Хойд Солонгост тавьсан хоригийг цуцлах асуудал дээр санал зөрөлдсөн байна. Гэсэн ч үүнээс хойш хоёр удирдагч найрсаг захидал солилцсон талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Зэвсэггүй бүс нь 1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш хоёр Солонгосыг зааглаж буй дөрвөн км өргөн, 250 км урт цэргийг пост юм. 

Уг бүсийн ойролцоо ямар ч цэрэг, зэвсэг байхгүй гэдэг хэдий ч дэлхийн хамгийн аюултай хилийн нэг юм байна. 

Эх сурвалж: BBC, Al jazeera