Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп гэмт хэрэгтнүүдийн гар утасны кодыг тайлахаас татгалзсанд Apple компанийг буруутгалаа. 

Трамп энэ талаар твиттертээ, “Засгийн газар Apple компанийг худалдаа болон олон талаарх асуудал дээр дэмжиж ирсэн. Гэтэл тэд гэмт хэрэгтний утсыг онгойлгохоос татгалзлаа. Apple үүнийгээ засаж улсдаа туслах хэрэгтэй” гэжээ. 

Өнгөрсөн сард Флорида мужийн тэнгисийн цэргийн баазад Саудын Арабын сонсогч Америкийн гурван цэргийг буудсан хэрэг гарсан юм. Мөрдөгчид үүнийг террорист халдлага гэж үзэн сэжигтний хоёр iPhone утасны кодыг тайлахыг Apple компаниас хүссэн ч татгалзсан хариу авсан байна. 

Энэ нь Apple-ын Засгийн газартайгаа хамтарч ажиллахаас татгалзсан анхны тохиолдол биш юм. 

Тухайлбал, 2015 онд Калифорнид болсон халдлагын үеэр 14 хүн амиа алдаж 22 хүн хүнд шархадсан ба Apple компани мөн л сэжигтний утсыг онгойлохоос татгалзсан байна. Улмаар Америкийн засгийн газар өөр компанид нэг сая доллар төлж iPhone утасны код тайлах программ бичүүлжээ. 

Эх сурвалж: CNBC, BBC