Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Иран, Афганистан зэрэг олон улсын асуудалд санал зөрөлддөг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халж байгаагаа твиттерээр дамжуулан мэдэгдлээ. 

Трамп энэ талаар, “Би болон манай туслахууд Жон Болтоны ихэнх зөвлөгөөтэй санал зөрөлддөг учир түүнийг халж байгаагаа мэдэгдсэн. Шинэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг дараа долоо хоногт сонгоно” гэжээ. 

Харин Болтон өөрийн твиттертээ “Даваа гарагт халагдах өргөдлөө Трампт өгсөн боловч маргааш ярилцъя гэсэн” хэмээн жиргэсэн байна. Сүүлийн саруудад олон улсын асуудлаар ерөнхийлөгчид нөлөөлөх тал дээр Болтон, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарын хооронд маргаан гарсан юм. 

Америкийн Гадаад бодлогын гол зөвлөх Болтон нь Хойд Солонгос, Иран, Орос, Афганистаны асуудалд шийдэмгий арга хэмжээ авахыг Трампт зөвлөдөг байжээ. Хамгийн сүүлд гэхэд Трампын Талибаны бүлэглэлийн удирдагчидтай хийх гэж байсан уулзалтыг Болтон эсэргүүцэж байсан юм. 

Мөн Цагаан ордны зарим удирдлагууд Болтон болон түүний туслахуудыг Трампаас тусдаа бодлого баримталдаг гэж үздэг байна. 

Болтон ерөнхийлөгч Жорж Бушийн үед НҮБ дахь Америкийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Иракийн дайныг ихээхэн дэмждэг байжээ. Иймээс Иракийн дайныг эсэргүүцдэг Трамп Болтоныг аюулгүйн зөвлөхөөрөө сонгосонд зарим албан тушаалтнууд гайхдаг байна. 

Эх сурвалж: CNN, Al jazeera