Өнгөрсөн сард Америкийн засгийн газар Хятадын 250 тэрбум долларын импортод тавьсан 25 хувийн татвараа ирэх сарын нэгнээс таван хувиар нэмэгдүүлж 30 хувь хүргэхээ мэдэгдсэн юм. Гэвч Хятадын дэд тэргүүн Лиу Хэ нэмэлт татвараа хойшлуулахыг Трампаас хүссэн байна. 

Мөн Хятадын тал Америкийн хорт хавдрын эсрэг эм, тэжээвэр амьтны хоол зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын хоригоос чөлөөлжээ. Үүний хариуд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын нэгнээс хэрэгжих нэмэлт таван хувийн татвараа 14 хоногоор хойшлууллаа. 

Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр орон жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны маргаанаа шийдвэрлэхийн тулд хэлэлцээрээ дахин эхлүүлэхэд бэлдэж байгаа юм. 

Тухайлбал, энэ сарын сүүлээр хоёр улсын төлөөлөгчид Вашингтонд уулзах ба ирэх сард Америкийн сангийн нарийн бичгийн дарга Стевен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер нар Хятадын дэд тэргүүн Лиу Хэтэй уулзана. 

Эх сурвалж: CNN, BBC