Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 28-29-нд Японы Осака хотноо болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзана гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед Хятад, Америкийн худалдааны дайн хурцдаад байгаа юм. Учир нь Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын 200 тэрбум долларын импортын бараанд 25 хувийн татвар ногдуулсан ба Хятад хариуд нь ирэх сарын нэгнээс эхлэн Америкийн 60 тэрбум долларын импортод 5-25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм.

Мөн Америк, Орос улсууд олон улсын хэд хэдэн голлох асуудал дээр санал зөрөлдөөнтэй байна. Тухайлбал, Америкийн тусгай консул Роберт Муллер 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тагнуулчид хөндлөнгөөс оролцож Трампад тусалсан гэдгийг өнгөрсөн сард нийтэд зарласан юм.

Гэвч хангалттай нотлох баримт олж чадаагүй бөгөөд уг хэргээс болж Америк, Оросын харилцаа таарамж муутай байгаа юм. Мөн хоёр улс Иран, Венесуэлийн асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа ба Америкийн зарим судлаачид Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтууд Оростой холбоотой байх магадлалтай гэж үзсэн байна.

Трамп өнгөрсөн жилийн Их 20-ын уулзалтын үеэр Путинтэй албан ёсны уулзалт хийх байсан ч цуцалсан бөгөөд оройн хоолны үеэр л санал солилцсон юм.

Эх сурвалж: Al jazeera, Politico, USA today