Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 27, 28-нд Вьетнамын Ханой хотод Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийх гэнэ.

Трамп энэ талаар твиттер хуудаснаа, “Ким Жон Уны удирдлага дор Хойд Солонгос хүчирхэг эдийн засагтай орон болно. Тэр бусдыг гайхшруулж болох ч намайг лав биш. Учир нь би түүнийг ямар чадварлагч хүн бэ гэдгийг мэднэ. Иймээс Хойд Солонгос эдийн засгийн пуужин болох болно” гэжээ.

Уулзалт болох газраар Ханой, Да Нан хотууд нэрлэгдсэн ч Хойд Солонгосын тал өөрсдийн элчин сайдын яам байрлах Ханой хотыг сонгосон бол 2017 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт болсон Да Нан хотыг Америкийн тал илүүд үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн тагнуулийн газар Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа гэж мэдэгдсэн юм. Гэвч Трамп Ким Жон Унд итгэж байгаагаа илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс бүрэн ангижруулж чадна гэсэн байна.

Трамп энэ талаар хэлэхдээ, “Бид барьцааны хүмүүсээ буцаан авсан. Тэд цөмийн туршилтаа зогсоосон бөгөөд 15 сарын турш нэг ч пуужин хөөргөөгүй. Хэрэв би Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол бид өдийд Хойд Солонгостой дайтайж байх байсан” гэжээ.

Трамп, Ким нар өнгөрсөн зургадугаар сард Сингапур улсад анхны түүхэн дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс салгах ажилд хамтран ажиллахаар болсон юм.

Эх сурвалж: CNN, The Guardian