Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын Ханой хотноо хоёр дахь өдрөө болж өнгөрлөө. 

Тэд өнөөдөр манай цагаар 10:00 цагт Метропол зочид буудал хүрэлцэн ирсэн бөгөөд ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр Трамп, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх ажлыг хийхэд яарах шаардлагагүй гэжээ.

Улмаар хоёр талын төлөөлөгчид үдийн цай ууж гурван цагийн үед хамтарсан гэрээнд гарын үсэг зурах байсан ч удирдагчид буудал руугаа явцгаасан юм. Удалгүй ерөнхийлөгч Трамп эргэн ирж хэвлэлийн бага хурлаа эхлүүлсэн юм. 

Тэрээр хэлэхдээ "Ким Жон Ун Хойд Солонгост тавьсан хоригийг бүхэлд нь цуцлахыг хүсч хариуд нь Хойд Солонгосын тодорхой хэсгийг цөмийн зэвсэггүй болгоно гэж хэлсэн. Гэвч энэ нь Америкийн зорилготой нийцээгүй учир тэрээр уулзалтыг өндөрлөх шийдвэр гаргасан. Гэхдээ Ким Жон Ун Солонгосыг хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсч байгаа ба цаашид цөмийн туршилт хийхгүй гэдгээ амласан. Мөн тэрээр бидэнтэй хамтарч ажиллана гэсэн" гэв. Гэсэн ч хоёр орны харилцаа халуун дулаан хэвээр байгаа гэдгийг тэрээн онцолсон юм.

Мөн Трамп онгоцонд суусны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нартай утсаар ярина гэдгээ мэдэгдлээ.

Ким, Трамп нар өчигдөр 20 гаруй минут ярилцсаны дараа хамтдаа оройн зоог барьсан бөгөөд Трамп энэ үеэр Хойд Солонгосын эдийн засгийн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа амлажээ.

Эх сурвалж: CNN, NHK