Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт охин Иванкадаа Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалыг санал болгожээ. Учир нь Иванка тоонд сайн учир уг ажлыг хийж чадна гэж Трамп үзсэн байна. Гэвч Иванка Цагаан ордны зөвлөхийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа гээд Трампын саналаас татгалзсан гэнэ. 

Улмаар банкны шинэ ерөнхийлөгчөөр Америкийн эдийн засагч Дэвид Мэлпасс сонгогдсон ба үүнд Иванка оролцжээ. Мөн Трамп охиндоо өөр ямар томоохон албан тушаал санал болгосон талаарх сэтгүүлчдийн асуултад Иванка “энэ бол бидний хоорондын нууц” гэж хариулсан байна.

Трамп өнгөрсөн долоо хоногт “Иванкаг төрөлхийн дипломатч гэж үздэг учир НҮБ дахь Америкийн төлөөлөгч болон өөр хэд хэдэн албан тушаалд тохиромжтой” гэсэн юм. Гэвч Трамп охиноо дээд албанд томиллоо гэх олны шүүмжлэлд өртөхөөс эмээж байгаа гэдгээ ярьсан байна.

Америкийн засгийн газар Дэлхийн банкны ерөнхийлөгчийг сонгох эрхтэй байдаг. Иванка Трамп өдгөө ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд Африкийн орнуудад айлчилж байна.

Эх сурвалж: BBC