Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ирэх саруудад хоёр удаа Японд айлчлал хийх гэнэ.

Тэрээр эхлээд тавдугаар сард одоогийн угсаа залгамжлах ханхүү Нарухитог хаан ширээнд суусны дараа албан ёсны айчлал хийх юм. Мөн зургадугаар сарын 28-29-нд Осака хотод болох Их 20-ын уулзалт оролцохоор төлөвлөжээ.

Трамп өчигдөр Хойд Солонгосын асуудлаар Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярьсан гэж Японы албаныхан мэдээлжээ. Энэ үеэр Абэ Хойд Солонгост барьцаалагдсан Япон иргэдийн талаарх асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Унтай хэлэлцэхийг Трампаас хүссэн байна.

Трамп, Ким нар энэ сарын 27-28-нд Вьетнамын Ханой хотноо хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийх юм.

Ерөнхий сайд Абэ Трампыг 2017 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш уулзсан анхны дэлхийн удирдагч болсон. Үүнээс хойш тэдний харилцаа сайн байгаа ба Абэ Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: CNN, Japan times