Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордон Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн эхнэр Фабиана Розалесийг хүлээн авч уулзах үеэрээ Венесуэлээс цэргээ гаргахыг Орост анхаарууллаа. Хэрэв Орос уг шаардлагыг хүлээж авахгүй бол Америк хариу арга хэмжээ авахад бэлэн гэнэ.

Венесуэлийн Каракас хотод Оросын 100 орчим цэрэг тээвэрлэсэн хоёр онгоц өнгөрсөн Бямба гарагт ирсэн юм.

НҮБ дахь Оросын төлөөлөгч Дмитрий Полянски үүний хариуд, “Энэ бол Венесуэлийн иргэд болон ерөнхийлөгч Мадурогийн асуудал болохоос Америкийнх биш” гэж твиттер хуудсаараа мэдэгджээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн онд дахин сонгогдсоныг эсэргүүцэн сөрөг хүчний удирдаг Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан юм. Улмаар Мадурог Хятад, Орос зэрэг 10 гаруй орон, Гуайдог Америк тэргүүтэй 50 гаруй орон дэмжсэн байна

Мадурогийн мэдэгдсэнээр Орос, Венесуэлийн төлөөлөгчид ирэх сард уулзаж эдийн засаг, эрчим хүн, худалдаа, боловсролын хамтын ажиллагааны 20 орчим гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

Мөн Орос өнгөрсөн сарын 22-нд Венесуэлд эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл бүхий 7.5 тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн бөгөөд дараагийн ээлжийн тусламжийг удахгүй хүлээн авах юм байна.

Эх сурвалж: Al Jazeera, CNN