Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин нар худалдааны дайны талаар утсаар ярьжээ. Мөн Трамп Хятадтай худалдааны тал дээр харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэд ирэх сард Аргентинд болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны дайны асуудлаар ярилцах гэнэ. Их 20 уулзалт нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй 20 улсын Төв банк, Засгийн газруудын хооронд явагддаг олон улсын хэлэлцүүлэг юм.

Хоёр орон энэ онд импортын татвараа хэд хэдэн удаа харилцан нэмсэн бөгөөд Америк Хятадыг шударга бус худалдааны арга хэрэгсэл ашиглаж байна гэж буруутгасан юм.

Хоёр ерөнхийлөгчийн уулзалт амжилттай болбол Америк Хятадад дахин татвар ногдуулахгүй, цаашлаад одоогийн татвараа ч зогсоож магадгүй гэдгийг Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу онцолжээ.

Эх сурвалж: USA Today, CNBC