Өнгөрсөн Мягмарт гарагт эхэлсэн Америкийн конгрессын сонгууль өндөрлөж ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ.

Энэ сонгуулиар түүний Бүгд найрамдах нам конгрессын дээд танхим болох Сенатад ялалт байгуулсан бол Ардчилсан нам доод танхим Төлөөлөгчдийн ордонд олонх болжээ.

Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “хоёр нам хамтран ажиллахад бэлэн бөгөөд хэрэв Ардчилсан нам миний шийдвэрийн эсэргүүцвэл Бүгд найрамдах нам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Мөн сонгуульт ажлынхаа үеэр түүнтэй хамтарч ажиллаагүй намынхаа гишүүдийн талаар ярихдаа “Тэдний ялагдалд баярлах эсвэл гуниглах эсэхээ мэдэхгүй байна” гэсэн бөгөөд тэнд цугларсан сэтгүүлчдийг бүдүүлэг, онцгүй зэргээр дуудаж байв.

Шинэ конгресст ямар өөрчлөлт гарах вэ?

Ардчилсан нам Төлөөлөгчдийн ордны 435 суудлын 223-ыг нь авч чадсанаар олонх болжээ. Ингэснээр тэд Трампын засгийн газар, татвар болон хувийн ашиг сонирхол зэргийг нь хянах боломжтойгоос гадна түүний Мексикийн хил дээр хана барих зэрэг төлөвлөгөөнд хаалт хийхэд илүү дөхөм болсон байна.

Харин Бүгд найрамдах нам Сенатын 100 суудлын 51-г аваад байгаа ба цаашид сүүлийн гурван суудлыг бусад намд алдахгүй байхаар хичээж байгаа юм.

Трамп өөрийнх нь эсрэг мөрдлөгө явуулсан Сенатын Ардчилсан намынхныг улсын нууц задруулсан гэж үзэхээ мэдэгджээ.

Ардчилсан нам ийнхүү Төлөөлөгчдийн ордны удирдлагыг гартаа авснаар эдийн засаг муудвал тэднийг буруутгах боломж Трампд олдож байгаа гэж ажиглагчид үзэж байна. Мөн ирэх хоёр жилд юу ч хийгээгүй байлаа ч үүнийгээ Ардчилсан намд тохох боломжтой гэнэ. Америкийн өмнөх ерөнхийлөгчид болох Билл Клинтон, Барак Обама нарын нам Төлөөлөгчдийн ордонд цөөнх болсноор тэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Иймээс Трампд ч ийм аз тохиож магадгүй гэнэ.

Конгрессийн шинэ гишүүд хэн бэ?

Энэ жилийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид олноороо ялалт байгуулжээ. Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигч 29 настай Александриа Окасио Кортез, Абби Финкенауер нар нь Төлөөлөгчдийн ордны хамгийн залуу гишүүд болсон байна. Мөн Ардчилсан намын Илхан Омар, Рашида Тлаиб нар нь Конгрессийн анхны Исламын шашинтай гишүүд болсон бол Шарис Дэвидс, Дебра Хааланд нар анхны уугуул Америк гишүүд болжээ.

Үүнээс гадна Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Массачусетс мужийн анхны Аяанна Прессли анхны хар арьст төлөөлөгч болсон байна.

Эх сурвалж: BBC, CNN