Монгол улсын экс Ерөнхий сайд нар 461-р хорих ангид Оюутолгой, Дубайн гэрээг байгуулахдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хоригдож буй. ЧД-ийн шүүх тэднийг батлан даалтаар гаргах шийдвэр өчигдөр үдээс өмнө гаргасан ч, 13 цагийн алдад прокурорын гомдлын дагуу суллах шийдвэрээ шүүх эргүүлэн татсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр шүүхийн эхний шийдвэр буюу тэднийг суллах тогтоол цаасаар гарч амжаагүй байхад уг тогтоолд прокурор гомдол гарган, эсэргүүцсэн байна. Уг нь прокурор цаасаар гарсан тогтоолын эдгээр зүйл нь ийм хуулийн заалтыг ингэж зөрчиж байгаа тул эсэргүүцэж байна хэмээн гомдол гаргах учиртай.

Гэтэл цагаан дээр хараар буугаагүй, дугаар номер ч үгүй шүүхийн тогтоолыг прокурор эсэргүүцэж, шүүх түүнийг нь хүлээн авч тогтоолоо хүчингүй болгов.

Тэд үнэхээр эрх мэдлээ ашиглаж, хээл хахууль авсан, бусдад тусалсан, эх орныхоо эсрэг гэрээ байгуулсан бол тэдэнтэй дүрмийн бусаар тоглох шаардлагагүй баймаар… Гэвч чухам яагаад суллах шийдвэр прокурорыг сандаргаж, цаасаар гараагүй тогтоолыг хүчингүй болгоход хүргэв.

Иргэд олон янзын мэдээлэл дунд төөрөлдөн уг асуудлыг ойлгож ядаж байхад шүүх, прокурорын энэ үйлдэл асуудлыг улам л ээдрээтэй болгож байх шиг…