Бид тоймлоё, Та унш

2019.04.23 Мягмар                                    7°C   2,635.94  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


Улирлын чанартай сэтгэл гутралд эмэгтэйчүүд илүү өртдөг

Улирлын чанартай сэтгэл гутралд хүйтэн цаг ууртай орны иргэд илүү өртдөг ба 20-30 насны 5 хүн тутмын 4 нь эмэгтэй байгааг Америкийн судлаачид тогтоожээ. Сэтгэл гутралтай хүмүүсийн 50% нь ямар нэг зүйлээс айж түгшдэг бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр сэтгэл гутралд өртсөн 300 сая хүн байна.

Эрчүүд амиа хорлолтоор нас барах нь элбэг

Сэтгэл гутралд орсон хүн гуниглах, ядрах, уур уцаартай болохоос гадна амиа хорлох талаар боддог байна. Тухайлбал, эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их амиа хорлох оролдлого хийдэг ч эрчүүд нас барах нь 4 дахин их байдаг гэнэ.

Сэтгэл гутралаас хэрхэн сэргийлэх вэ?

Хамгийн чухал нь эрүүл хооллож, тогтмол цагт унтах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Мөн дасгал, иог, бясалгал хийж, тэмдэглэл хөтлөх, ойр дотныхонтойгоо ярилцах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь тустай. Хэрэв та 14 хоногоос дээш хугацаагаар гуниглаж өдөр тутмын амьдралд идэвхгүй байвал сэтгэл гутралд орсны шинж гэнэ шүү.


Капитал банкны удирдлагууд шалгагдаж эхэллээ

Прокуророос Капитал банкийг дампуурахад удирдлагуудынх нь хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг шалгахаар хэрэг нээн, мөрдөж эхэллээ. Мөн тус банканд ₮30 саяас ₮1 тэрбум хүртэлх хадгаламж эзэмшигч 400 орчим иргэн мөнгөө авахаар эсэргүүцэл илэрхийлж, төрийн түшээдэд ханджээ. Учир нь ₮20 хүртэлх саяын хадгаламжтай иргэдийн мөнгийг Хаан банкаар дамжуулан олгож байгаа ч ₮20-с дээш саяын хадгаламжтай иргэдийн мөнгийг хэзээнээс, яаж олгох нь тодорхойгүй байгаа юм.


ЗЦ-ын гүүрэн гарцын хөдөлгөөнийг 7 сард нээнэ

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 48%-тай байгаа ба 11 сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үндсэн гүүр 7 сард ашиглалтад орж, замын хөдөлгөөнийг нээх юм. Уг гүүрэн гарцыг $42.38 саяар барьж байгаа ба үндсэн гүүр 470 м урт, 16.5 м өргөн, 4 эгнээтэй байна.


Мороккод жагсаал боллоо

Нийслэл Рабат хотод цугларсан иргэд 2016, 2017 онд Риф мужийн авлига, ажилгүйдлийг эсэргүүцсэн 42 идэвхтэн, Морокко руу зэвсэг оруулах талаарх мэдээллийг хуулийнханд мэдэгдээгүй хэргээр 3 жилийн ял авсан сэтгүүлчийг суллахыг шаардаж жагслаа. Жагсаалд оролцсон иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна. Шүүхээс 14 хоногийн өмнө идэвхтнүүдэд улс орны нэгдмэл байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр 2-35 жилийн хорих ял оноосон юм.


Украины жүжигчин ерөнхийлөгч

Хошин урлагийн жүжигчин Володимир Зеленский 73%-ын саналаар ялалт байгуулж, Украины ерөнхийлөгч боллоо. Зеленский зүүн бүс дэх дайн, үнийн өсөлт, амьдралын өртгийн уналттай холбоотой авлигыг үндсээр нь зогсоох амлалт өгсөн байна. Мөн Оросын талтай энхийн гэрээ байгуулж Орост хоригдсон иргэдээ нутагт нь авчрах талаар хэлэлцээр хийнэ гэжээ.

Таны сонорт


Related image Энэ сарын 23-24-нд баруун болон төвийн аймгийн зарим газар, говийн аймгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр