Цагаан халаадны даралттай хүмүүс зүрхний өвчнөөр нас барах эрсдэл жирийн хүнийхээс хоёр дахин их байдаг гэдгийн Америкийн эрдэмтэд тогтоожээ.

Судлаачид Америк, Европ, Азийн цагаан халаадны даралттай 64 мянган хүнийг хамруулсан 27 судалгааны дүнг шинжилсэн байна. Ингэхэд эмчилгээ хийгээгүй цагаан халаадны даралттай өвчтний зүрхний өвчин тусах магадлал 36 хувь, зүрхний өвчнөөр нас барах магадлал 109 хувь, бусад өвчнөөр амиа алдах магадлал 33 хувиар нэмэгдсэн байжээ.

Цагаан халаадны даралт нь тухайн хүний цусны даралт гэртээ жирийн хэмжээнд байснаа эмчийн өрөөнд нэмэгддэг өвчин юм. Үүнийг эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой айдас болон бие махбодын байдлаас үүдэлтэй гэж үздэг байна.

Цусны даралт нь судсаар урсаж буй цусны хүчийг хэмжих нэгж бөгөөд энэ нь хүчтэй байвал даралт ихсэх өвчин гэсэн үг юм. Цусны даралтын хэвийн хэмжээ 130/90 бөгөөд эхний тоо нь зүрх цохилох үед, хоёр дахь нь тайван байх үеийн цусны даралтыг хэмждэг байна.

Ихэвчлэн 55-аас дээш настай, зүрх судас, бөөрний хууч өвчин, чихрийн шижинтэй хүмүүс цагаан халаадны даралтаар өвддөг аж. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд цусны даралтаа эмнэлгийн төхөөрөмжөөр шалгуулах эсвэл гэрийн нөхцөлд бүрэн автомат биш даралтны аппарат хэрэглэх нь зүйтэй юм.

Эх сурвалж: CNN, The sun