Өнөөгийн нийгэмд өргөн хэрэглэхээ больсон цагаан идээ нь шимт тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хурдан шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ач тустай.

Зөв хоол гэдэг нь тухайн үндэстний идэж, хэрэглэж заншсан хоолыг хэлнэ гэж ШУТИС-ын доктор (Ph.D) Б.Майзул хэлсэн юм. Мөн Монголчууд зун намар сүү цагаан идээ, өвөл мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт гэж Нийгмийн эрүүл мэндийн төв онцолсон байна.

Тэгвэл цагаан идээнд байдаг сүүн хүчлийн болон бусад ашигтай бактериуд нь хүчиллэг орчин үүсгэж хортой нэгдэл, өвчин үүсгэгч бичил биетний үржил өсөлтийг дарангуйлж гэдэсний тэнцвэрт орчинг хангадаг гэнэ.

Хүний биед зайлшгүй хэрэгтэй ашигтай бактерийн нэг нь бифидобактер юм. Энэ нь айраг, аарц, бяслаг, цөцгийн тос, зөөхий, хатаасан сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг байна.

Бифидобактерийг анх эрдэмтэн Х.Тиссэр 1899 онд хөхүүл хүүхдийн ялгадсаас гарган авчээ. Энэ бактери нь нярай хүүхдийн гэдэсний микрофлорын 99 хувийг эзэлдэг ба насанд хүрсэн хүний бүдүүн гэдэсний зонхилох ашигтай бактерийн төрөл болохыг тогтоожээ.

Тэгвэл цагаан идээнд хамгийн ихээр агуулагддаг бифидобактер таны биед ямар ач тустайг тайлбарлая.

  • Дархлалыг сайжруулж, нянгийн гаралтай өвчнүүдийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Хүний биед үл орлох шимт бодис, аминдэм (B1, B2 ,B6 ,K) амин хүчил (валин, триптофан) нийлэгжүүлнэ.
  • Хорт хавдар үүсгэдэг нитрозамин, аммонны, инзол, фенол гэх мэт бодисын үйлчлэлийг саармагжуулна.
  • Органик хүчил, бактериосин (bifidin) ялгаруулж улмаар өвчин үүсгэгч бактерийн (E.coli, Shigella, Candida) үржлийг дарангуйлна.
  • Мөөгөнцөр, цистит, ходоодны шарх зэрэг ашиггүй нянгаас үүдэлтэй өвчний үед тухайн орчныг тэнцвэржүүлж, эмчилгээг түргэтгэх зорилгоор ашиглана.
  • Өтгөн хатсан эсвэл гэдэг гүйлгэсэн үед бифидобактертэй хүнс хэрэглэснээр гэдэсний орчин хэвийн болно.

Тиймээс та бүхэн цагаан идээг тогтмол хэрэглэж заншаарай.