Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны Хотол төгс хэмээх цагаан хулгана жилийн айлдвар айлдлаа.

Хулгана жил сайхан гарах зурхайн зурлага гарсан ба залууст хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж гавж Д.Чойжамц мэдэгдлээ.

Мөн дээдсүүдэд ширүүн, дунд талын хүмүүст бүр ширүүн байх зурлага буужээ. Гэхдээ хувь хүн өөрийгөө захирч, сайн сайхан руу тэмүүлбэл зурхайн зурлага нөлөөлөхгүй байна. 

Аюулт өвчин гараад буй энэ үед үрэл утлага хийж тараах ба Гандан хийдийн 13-14 салбарт ханиад томууны эсрэг ном гүрмийг бумаар нь уншиж байгаа гэлээ. 

Үүнээс гадна Битүүний өдрийн уламжлалт хурал болох хэдий ч сүсэгтэн олныг зорин ирэхгүй байхыг зөвлөсөн юм. Харин коронавирусийн халдвар намжиж, хөл хориог цуцалсны дараа тусгай лам нар гарган жилийн засал зэргийг хийнэ гэж гавж Д.Чойжамц хэллээ.

Тэрээр, “Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу Битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай” гэж айлдсан юм.