Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно.

Энэ жил нийт 256 хүчтэн зодоглох бөгөөд барилдааныг битүүнд буюу хоёрдугаар сарын дөрвөний 12:00 цагаас Буянт-Ухаад явуулахаар эцсийн товыг тогтлоо.

Өнгөрсөн долоо хоногт МҮБХ зөвшилцөлд хүрч Бөхийн өргөөний үйл ажиллагааг нээж, цагаан сарын барилдааныг явуулахаар болсон ч цуцалж, энэ сарын 31-ээс эхлэх цуврал барилдаануудыг Бөхийн өргөөнд явуулахаар шийдвэрлэжээ.

Тухайлбал, энэ сарын 31-ний 12:00 цагаас Өсвөр бөх болон Нийтийн Монгол шандастны барилдаан, хоёрдугаар сарын нэгний 12:00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан, хоёрдугаар сарын хоёронд Дашчойлон хийдийн нэрэмжит Майдар бурхны авшиг түгээх баяр Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас тус тус Бөхийн өргөөнд явагдах юм.

Дашрамд дурдахад, энэ жил цагаан сарын барилдааны билетийг худалдаж авахдаа иргэний үнэмлэхтэй ирэх ёстой бөгөөд нэг хүнд хоёроос дээш тасалбар худалдаалахгүй байхаар шийдвэрлэжээ.