Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, наадамчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 9-15-ыг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Энэ хүрээнд нийслэлийн цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. 

Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408,  Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500, нэмэлтээр ХСИС-ийн 400 сонсогч нийт 1900, зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудад эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллах юм.

Мөн гэмт хэрэг, зөрчил шалгах, иргэдэд үйлчлэх 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулах гэнэ. Үүнээс  гадна дээрх газрын 24 байршилд орчныг хянах теле хяналтын камер суурилуулжээ. 

Түүнчлэн иргэдийг гол усны аюулаас хамгаалах үүдээс НОБГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл хэв журмын болон завьт эргүүлийг 24 цагаар ажиллуулж байна.