Монгол улсын шинэхэн аварга Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдыг Цагдаагийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. 

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав зөвлөлийн гишүүдийн хамт оролцлоо. Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин болсон ба цагдаагийн дэд хурандаа цолтой юм. 

Улсын аварга Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон бол 2015 онд улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цолтон болжээ. 

Харин энэ жил 26 насандаа улсын баяр наадамд дахин түрүүлснээр Хэнтий аймгаас 30 жилийн дараа Аварга цолтон төрж, нутгийнхаа түрүү бөх тодорсон түүхийг зузаалсан юм.