Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-аас шинэ технологи, смарт хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан машин цэнэглэх зогсоолыг ашиглалтад орууллаа.

Байгальд ээлтэй технологи, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой уг зогсоолд цахилгаан автомашинтай иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой байна.

Уг зогсоолын ажиллах зарчим нь нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн үүгээрээ цахилгаан автомашиныг 3-4 цагт бүрэн цэнэглэх хүчин чадалтай юм. Мөн эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчээс авч ажиллахаар зохицуулагджээ.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3 кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагынхаа эрчим хүчний 60 хүртэлх хувийг хангаж эхэлсэн байна.

Цаашид уг станцаа 10-15 кВт-р өргөтгөн энэ ондоо байгууллагын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2400 кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345.0 мянган төгрөгийн бодит хэмнэлт гаргаад байна.

Дашрамд дурдахад, манай улсад 2017 оны байдлаар ЗТХЯ-нд бүртгэгдсэн цахилгаан тэжээлт 74 авто машин байгаа юм.

Зураг: nrec.mn