Нийслэлд бүрэн цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийтийн эзэмшлийн талбай болон төлбөртэй зогсоолуудад цахилгаан тэжээлт автомашинд зориулсан цэнэглэгчийг байгуулахаар болсон юм.

Тэгвэл Нийслэлээс цахилгаан автомашин цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулж, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагуудыг төслийн саналаа ирүүлэхийг урьсан байна.

Төслийн саналд дараах мэдээлэл, танилцуулгыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, технологийн шийдэл, суурилуулах хуваарь/

  • Цэнэглэгч станцын хүчин чадал, техникийн үзүүлэлтүүд, Монголын нөхцөлд туршсан талаар дэлгэрэнгүй танилцуулга

  • Цэнэглэгч станцын төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны шийдлийн танилцуулга

  • Цэнэглэгч станцын найдвартай ажиллагаа, засвар, үйлчилгээ болон хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах тухай мэдээлэл

  • Аж ахуйн нэгжийн хүний нөөц, санхүүгийн чадавхийн мэдээлэл

Зураг: Ulaanbaatar.mn

Төслийн саналаа холбогдох материалын хамт битүүмжилсэн байдлаар зургадугаар сарын наймны 17.00 цагаас өмнө Нийслэлийн байгаль орчны газарт ирүүлэх юм байна. Байгууллагуудын төсөлтэй танилцаж, ярилцсаны дараа Нийслэлээс ямар туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ танилцуулах гэнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг автомашины яндангаас ялгарах хорт утаа эзэлдэг. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард хотын дарга С.Батболд захирамж гарган цахилгаан тэжээлт автомашиныг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцож, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн юм.