Шинэчилсэн 15:27- Хятадын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-раа хил нэвтэрч орж ирсэн байна. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байгаа ба хэргийг зохион байгуулсан Монголын нэг, Хятадын дөрвөн иргэнийг саатуулжээ.

Энэ талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл хэлэхдээ, Одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно" гэсэн юм.

Дээрх иргэдийн дийлэнх нь 30 хоногийн хугацаатай аяллын визээр ирсэн байгаа ба хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг байна. 


Цагдаа, тагнуулын байгууллага хамтарсан шалгалт явуулж, Амар, Кентавр, Юнион, Ориентал зэрэг зочид буудалд байрлаж байсан мянга орчим Хонг Конг, Хятадын иргэнийг шалгаж байна. 

Өчигдөр орой 21:00 цаг орчимд эхэлсэн шалгалт одоо ч үргэлжилж байгаа ба албан бус эх сурвалжийн мэдээлснээр 750 гаруй хүнийг баривчилжээ. 

Хятад иргэдээс Монголын үүрэн телефоны симтэй 10 мянган гар утас, өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн мянга орчим компьютер илэрсэн байна. Эдгээр иргэд зочид буудалд ямар үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй байгаа ч санхүүгийн луйвар, хакер, Монголын цахим орчинг хянаж байсан гэх зэрэг таамаглал гарсан юм. 

Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэх ба хууль хяналтын байгууллагын шалгалт дууссаны дараа мэдээлэл өгнө гэлээ. 

Мөн криптовалют олборлож байсан байх магадлалтай гэнэ. Учир нь криптовалютыг өндөр хүчин чадалтай компьютер ашиглан олборлодог ба энэ нь асар их цахилгаан зарцуулдаг байна.