Фэйсбүүк компаниас Монголд Тоон бичиг үсэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ нь хуурамч мэдээлэл, хаягаас хамгаалах олон нийтэд цахим орчны зөв хэрэглээг сурталчлан заах зорилготой байна.

Харвардын их сургуультай хамтран бэлтгэсэн энэхүү хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон ТББ-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хийгээд байгаа гэнэ.

Мөн технологийн дэвшлийг ашиглан сургалтыг илүү сонирхолтой болгоход чиглэсэн арга хэмжээг зохиож, сургуулиудад бодит дүрслэл мэдрэмжийг төрүүлэх төхөөрөмж хандивлах боломжтой гэдгийг Жорж Чен уулзалтын үеэр хэллээ.

Харин сайд Ё.Баатарбилэг фейсбүүкийн хэрэглээг зөв зохистой ашиглаж чадвал багш нар туршлага судлах, хүүхэд залуус хүмүүжил төлөвшил олж авах том талбар учир дээрх хөтөлбөрийг яам дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан сошиал орчны хэрэглээг зөв зохистой болгоход чиглэсэн хуулийн төсөлд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Сонирхуулахад, Монгол 1.5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд Фэйсбүүк компаниас гаргасан Хамрагдах интернетийн индекс-2018 судалгааны худалдан авах чадвараар манай улс Ази тивд нэгд, дэлхийд 10-т орсон байна.