НМХГ-аас хийсэн шалгалтаар цахим тоглоомын байранд тавигдах шаардлага хангаагүй, ажлын байрны гэрэлтүүлэг, агааржуулалт хангалтгүй, цонх зориулалтын хөшиггүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Цахим тоглоомын газар нь дараагийн үйлчлүүлэгчийг суухаас өмнө компьютерын гар, хулгана, чихэвч зэргийг ариутгах журамтай байна.

Мөн шалгалтаар орон сууцны нэг давхарт цахим тоглоомын газар ажиллуулж буй зөрчил ихээр илэрчээ. Шалгалт үргэлжилж байгаа ба нэг хүнд ногдох талбай дутмаг байгаагаас үүдэн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа учир арчдас авч лабораторид шинжлүүлж байгаа гэнэ.

Журамд зааснаар 9-16 хүртэлх насныхан зуны улиралд 20:00 цаг, өвөл 16:00 цаг хүртэл цахим тоглоомын газраар үйлчлүүлэх ёстой байна.

Гэвч дийлэнх цахим тоглоомын газрууд хууль зөрчин 24 цагаар ажилладаг зөрчлийн тоо буурахгүй байгаа юм. Одоогийн байдлаар НМХГ-т бүртгэлтэй 300-аад цахим тоглоомын газар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна.

Цахим тоглоомын газраар бага насны хүүхдүүд ихээр үйлчлүүлж, эрх нь зөрчигдөж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг НМХГ-аас зөвлөлөө.