Олон нийтийн сүлжээний Фэйсбүүк, Инстаграм болон хувийн цахим шуудангаар үйлдэх цахим залилангийн тоо ихсэх хандлагатай болжээ.

Тодруулбал, сугалааны хонжвор хожсон эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн ч улс оронд нь үймээн самуун, дайн болж байгаа учир мөнгөө гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжид мөнгө шилжүүлэхийг санал болгох цахим залилангийн гэмт хэрэг гарч байгаа гэнэ.

Тиймээс иргэд цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, энэ төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авсан тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Манай улсад интернет хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэргийн тоо өссөөр байгаа юм. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онд 299 бүртгэгдсэн бол энэ оны эхний хагаст 279 бүртгэгджээ.

Энэ нь нийт гэмт хэргийн 7.1 хувь бөгөөд иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбар аргаар бүтээх сэтгэлгээтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа юм.