Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалинг бодитой нэмэгдүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ.

Тэд энэ хугацаанд Засгийн газартай дөрвөн удаа хэлэлцээрийн ширээнд суусан ч үр дүнд хүрээгүй юм. Тиймээс цалин нэмэх асуудлыг яриа төдийгөөр, хэлэлцээрийн ширээний ард ханцуй дотроо наймалцах маягаар хандвал ажил хаялтаа зогсоохгүй гэлээ.

Мөн үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газар нэн даруй хэлэлцэн дэмжлэг үзүүлэхийг хүсэж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ.

Тэрээр багш нарын цалинг нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг сануулж, Засгийн газар асуудалд хойрго хандаж байгааг шүүмжилсэн юм.

Харин Засгийн газар цалинг дахин нэмэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн Лхагва гарагт ҮСХ-оос иргэдийн дундаж цалин нэг сая 25 мянга, тэр дундаа багш нарын дундаж цалин 782 мянган төгрөг байгааг мэдээлсэн юм.

Харин Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны ТУЗ-ын дарга А.Сянжмятав “багшийн дундаж цалин 530 мянга гаруй төгрөг. Үүнээс шимтгэлээ хасаад 420 мянган төгрөг авч байна. Багш нар улсын дундаж цалингаас хоёр дахин бага цалин авч байгаа” гэв.

Энэ мэт хоёр талаас нэгнээ сөрсөн мэдэгдэл хийж иргэдийг төөрөгдүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй байгаа юм.

Ямартай ч багш нар ажил хаяж, Засгийн газар гүрийсээр 10 дахь хоногийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Монголын ирээдүйн болсон 100 мянга гаруй хүүхэд боловсролын хоцрогдол эдлэн гэртээ суусаар байгаа гэдгийг аль аль тал нь бодож үзүүштэй.

Ерөнхийлөгчийн хүргүүлсэн албан бичиг: