Манай ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч эмзэг хэвээрээ байна гэдгийг Олон улсын байгууллага, шинжээчид хэлж буй.

Үүний тулд Засгийн газар халамжийн хавтгайрсан бодлогыг зогсоож, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа юм. Ямартай ч ОУВС-тай тохиролцсоны дүнд төрийн албан хаагчийн цалин, халамж тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Энэ хүрээнд 2019 оны төсөвт ХНХЯ-д 723 тэрбум төгрөг суулгажээ. Тодруулбал, үүнээс 267 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалин нэмэхэд зарцуулна. Цалинг ирэх оны нэгдүгээр сараас нэмэх бөгөөд, төсөв батлагдсаны дараа цалин, тэтгэврийг хэд хэдэн хувиар нэмэгдүүлэх эцсийн шийдвэр гаргах гэнэ.

Мөн төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж, үүнд тулгуурлан албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэхээр болжээ. Түүнчлэн даатгалын сангаас олгож буй ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэхэд 22 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Үүнээс гадна ирэх жилээс эхлэн мэргэжлийн боловсрол сургалтын оюутнуудад тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 20 тэрбум төгрөг, халамжийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд 10 тэрбумыг тус тус төсөвлөжээ.

Сануулахад, малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах хууль өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Үүнээс хойш есдүгээр сарын байдлаар 5700 малчин наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан байна. Харин энэ жил тэтгэвэрт гарах 13 мянган малчинд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ.