Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5-р шатлалд байсныг 6, 7 руу шилжүүлснээр цалин нь 21.3-47.1 хувь буюу 122.000-170.000 нэмэгдлээ. Мөн сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техник нарын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүлсэн байна

Түүнчлэн түргэн тусламжийн 511 жолооч 400 гаруй мянган төгрөгийн цалин авч байсныг 142.928 төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр нийт 8.696 хүн шатлал ахисан ба цалингийн нэмэгдлийг нэгдүгээр сарын нэгнээс тооцож олгох гэнэ.

Харин тэтгэвэр, тэтгэмжийн тухайд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ийнхүү хоёрдугаар сарын нэгнээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянган төгрөг боллоо.

Мөн халамжийн тэтгэврийг 19 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмлээ. Үүнээс гадна бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч буй бүх иргэдийн тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмсэн байна.

Сануулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмсэн юм. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагч нарын цалин 30 хүртэл хувиар нэмэгджээ.