Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар нойтон цас орж, тариалангийн бүс нутаг 20-30 см цасанд дарагдсан юм. Үүнтэй холбоотойгоор ургац алдалт ихсэх магадлалтай байна.

Тэгвэл хадлан тэжээл бэлтгэх ажлын явц сайн байгаа гэж ХХААХҮЯ-аас мэдэгдлээ. Энэ сарын 20-ны байдлаар бэлчээрийн гарц сайн байгаа ба ихэнх нутагт нэг га-гаас зургаан центр, зарим нутагт 6.1-16 центр өвс бэлтгэх боломжтой байгаа гэнэ.

Одоогийн байдлаар малчид нийт 606.5 мянган тонн өвс, 31.7 тонн сүрэл, 1.7 мянган тонн ногоон тэжээл, 309.3 тонн үйлдвэрийн тэжээл, 16.9 мянган тонн гар тэжээл, 522 тонн дарш, 10.8 мянган тонн хужир шүү, аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2.7 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийг бэлтгэжээ.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцсон байна.

Сануулбал, энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгийн нутгийн зарим газраар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид тариаланчдыг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.