Хөдөө орон нутагт зорчих үед цасанд суух явдал нилээдгүй тохиолддог. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг жолоочийн хашир туршлагатай, шинэ гэдгийг ялгахгүй.

Дийлэнх жолооч машинаа цаснаас гаргах гэж дугуйг хий эргүүлэн хаазалснаар байдлыг улам хүндрүүлдэг гэнэ. Тэгвэл цасанд суусан үед яах талаарх зөвлөгөөг хүргэе.

Цасанд суусан үедээ дугуйг хий эргүүлснээр машинаа элгээр нь цасанд тулгадаг байна. Мөн яарч, сандран огцом хааз өгснөөр дугуй хий эргэж хурдны хайрцаг болон дифференциал, авцалдуулах холбоог эвддэг гэнэ.

Тиймээс цасанд суусан тохиолдолд жолоогоо хоёр тийш нь эргүүлж, урд дугуйгаа хоёр тийш займчуулан маш бага хаазаар хөдлөх хэрэгтэй.

Хэрэв ингээд ч нэмэргүй бол хүрз ашиглан цасыг ухаж, дугуйн доор элс, шороо зэргийг асгах нь зүйтэй. Ер нь цастай зам дээр огцом хурдлах, эргэх, тоормослох, хэт их хаазлах зэргээс татгалзаарай.

Түүнчлэн дугуйн дор шуудай, хуучин хөнжил, шалавчны хивсэнцэр зэргийг хийсэн ч болно. Иймд цас ихтэй үед хол замд явахдаа аюулгүй байдлаа бүрэн хангаж, хүрз, дугуйн дор ивэх, түрэх, чирэх зүйлийг авч явахад илүүдэхгүй.