НМХГ-аас ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй есөн ААН, байгууллагад төлөвлөгөөт шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сараас тавдугаар сарын 14 хүртэл хийжээ.

Дээрх есөн байгууллагын нэг нь их эрсдэлтэй, хоёр дунд эрсдэлтэй байсан бол зургаа нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдэж, нийт 78 зөрчил илрүүлжээ.

Шалгалтаар цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй, аюулгүй ажиллагааг мөрдөөгүй, ажиллагчдыг цацрагийн хамгаалалт, сургалтад хамруулаагүй, ослын үед авах арга хэмжээ төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Дулааны хоёрдугаар цахилгаан станц, нийслэлийн Гаалийн газар,  хорих 461-р анги, МИАТ ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газар зэрэг байгууллагууд дээрх зөрчилтэй байсан байна.

Энэ зөрчлүүд нь Цөмийн энергийн тухай хууль, Засгийн газраас баталсан ААН, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын тус тус зөрчжээ.

Иймд Дулааны II цахилгаан станц, нийслэлийн Гаалийн газар, Эрчим хүчний хөгжлийн төвийн үйл ажиллагааг түр зогсоож, хоёр цацрагийн үүсгүүрийг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс битүүмжилсэн байна.

Мөн ХЗДХЯ, Төрийн тусгай хамгаалалтын газар нь цацрагийн хяналтын ажилтан томилоогүй, Лайнюкс ХХК, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори нь цацрагтай ажиллагчдыг эмнэлгийн хяналтад хамруулаагүй тул зөрчлийг арилгуулах хугацаат шаардлага хүргүүлжээ.