Тэрбумтан Элон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компани Хятад дахь үйлдвэрийн шаваа тавьлаа. Барилгын ажил ирэх зунаас эхлэх бөгөөд жилийн сүүл гэхэд Модель 3, Модель Y загваруудыг үйлдвэрлэх гэнэ.

Ийнхүү жилд хагас сая автомашиныг Хятадын зах зээлд нийлүүлэх бөгөөд Америкийн автомашины импортод тавьсан Хятадын татвараас зайлсхийх боломжтой юм. Шанхай хотын Линган үйлдвэрлэлийн бүсэд баригдах Теслагийн үйлдвэр нь хотын хамгийн том гадны үйлдвэр болох юм. Мөн энэ нь Теслагийн анхны гадаад дахь үйлдвэр байна.

Хятадын эдийн засаг Америктай хийж байгаа худалдааны дайнаас болж удааширч байгаа ба энэ нь Женерал моторс, Форд, Ягуар Лэнд Ровер, Волксваген зэрэг автомашин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон юм.

Харин Тесла компани өнгөрсөн жил Америк машины импортод тавьсан Хятадын татварыг үл харгалзан машины үнээ хэд хэдэн удаа буулгажээ.

Эх сурвалж: CNN, BBC