Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-21-нд явагдана. Үүнтэй холбоотойгоор цэргийн насны залуусын Эрүүл мэндийн үзлэг сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Энэ үеэр НЗДТГ-ын цэргийн штабын дарга Ж.Болдбаатар цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэг, бага сургуулиас нь анхаарахыг зөвлөсөн байна. Энэ жилээс эхлэн цэргийн насны залуусын өвчлөлийг хянах M-Health программыг нэвтрүүлэн цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд  эрүүлжиж буй залуусыг хянадаг болсон юм.  

Цэрэг татлагын эмчийн үзлэгээр чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөлүүд зонхилдог байна. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх юм.

Зарлан дуудах хуудас авсан залуус хуурамч бичиг баримт үйлдэж, оргон зайлах зэргээр цэрэг татлагаас зайлсхийвэл албадан ажил хийлгэх, баривчлах, эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.