Хоёрдугаар сарын 28-нд сарын төлөвлөгөөт ажлын дагуу Найман шарга сувиллын газар хайрга татах ажилд томилогдсон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хоёр ажилтан осолд орж, 51 настай ахлах ахлагч нас барлаа.

Осол гарах үед хүнд даацын машин дээр хайрга ачсаны дараа хөдөлгөөн үйлдсэн бөгөөд газрын хөрс элсэрхэг, гулгамтгай өгсүүр байжээ.

Ингээд "машин өгсөж явахдаа хүч алдаж зогссон ба машиныг хөдөлгөхийн тулд хоёр туслах жолооч машинд ивүүр хийх үед машин гулгаж осол гарсан" гэж ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Өлзийтогтох мэдээллээ.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлөвлөгөөт ажил бус хувийн хаус барих ажилд дайчлагдаж байгаад амь насаа алдсан гэж мэдээлээд байгаа юм.

Сануулбал, нэгдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн “зодуулсны улмаас нас барсан” гэж үзэж байгаа ба цэргийн зүгээс “гар хүрсэн нь үнэн” гэжээ.  Уг хэргийг хуулийн байгууллага нарийвчлан шалгаж байгаа ба нас барсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.