Засгийн газрын хуралдаанаар 2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа.

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг юм.

Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу тухайн аймаг, орон нутагт зохион байгуулахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд нь орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Сануулахад, Засгийн газраас цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг 5.334.452 байхаар тогтоосон юм. Уг мөнгийг 26 нас бүтэн хүрсэн, 18-25 насны цэрэг татлагад нэг ч удаа хамрагдаж байгаагүй хүмүүс төлөх ёстой.