Зургийг: Daily Express

Тоо ширхэг, төрөл, сав баглаа боодлоос эхлээд толгой эргэм олон сонголт зарим эрчүүдийг бүр бухимдуулдаг. Дээрээс нь ээждээ, дүүдээ, хайртай бүсгүйдээ, охиндоо, ажлын газрын эмэгтэйд гэхчлэн хэнд бэлэглэхээс шалтгаалаад өөр өөр сонголтууд хийх шаардлага гардаг. Эмэгтэйгээс ямар цэцгэнд дуртайг нь асууж болно л доо. Гэхдээ энэ нь сюрприз биш болчихно.

Тиймээс цэцгийг сонгоход заавал бодож үзэх хэд хэдэн зүйлс байдаг. Тэдгээр нь та хоёрын харилцаа, түүний стиль буюу тэр хуучинсаг, уламжлалт сэтгэлгээтэй юу эсвэл адал явдалд дуртай нэгэн үү? гэх мэт. Хэрэв тэр байгальд хайртай нэгэн бол та түүнд удаан настай тасалгааны цэцэг бэлэглэсэн нь дээр. Хэрэв тэр хачин сонин, өөр зүйлст дуртай бол халуун орны цэцэгс, цахирмаа түүнд таалагдаж л таарна.

Хайртай бүсгүйдээ бэлэглэх цэцэгс:

Улаан сарнай. Мэдээж энэ бол хамгийн сонгодог хайр дурлалын илэрхийлэл. Гэхдээ та өмнө нь түүнд улаан сарнайг хэд хэдэн удаа бэлэглэчихсэн бол өөр сонголтуудыг санал болгоё.

Улбар шар сарнай, улаан алтан зул цэцэг эмэгтэйчүүдэд таалагдахаас гадна таныг маш нарийн мэдрэмжтэй гэдгийг харуулах болно. Алтан зул цэцгийн гол нь хар байдаг ба энэ нь тухайн цэцэг өгч буй хүний зүрх нь халуун дулаан сэтгэлээр хүрээлэгдсэнийг илэрхийлдэг байна.

Өөр нэгэн сонголт нь олон төрлийн сарнай болон алтан зул цэцгийг өөр төрлийн цэцэгстэй хольж баглаа бэлтгэх. Мөн гэсэр цэцэг хайр дурлалын илэрхийлэл гэгддэг. Ягаан өнгийн лили үнэнч байдал, хөгжил дэвшлийг, харин цээнэ цэцэг аз жаргалтай гэрлэлтийг бэлгэддэг байна.

Таалагддаг бүсгүйдээ бэлэглэх цэцэгс:

Үзмэн ягаан сарнай болон үзмэн ягаан лили анхны харцаар дурласан дурлалыг илэрхийлнэ. Гэхдээ та түүнд үүнийгээ мэдэгдмээргүй байгаа бол холимог цэцгийн баглааг сонгож болно. Мөн цөөн тооны улаан сарнай тэр танд маш их таалагддаг гэдгийг илэрхийлж чадна.

 

Улбар өнгийн сарнай хүсэл тэмүүллийн бэлгэдэл учир улбар сарнайг тоорын ягаан өнгийн цэцэгтэй мөн цагаан сарнайтай хольж баглаа бэлтгэж болно.

 

Найздаа, ажлын газрын эмэгтэйд эсвэл анхны болзоондоо …

Улаан өнгө хайр дурлалыг бэлгэддэгтэй адил шар өнгө цагийг зугаатай өнгөрүүлдэг халуун дулаан харилцааг илэрхийлдэг. Иймд шар сарнай, шар алтан зул цэцэг, наран цэцгийг сонгоорой.  

Хонин нүдэн цэцэг, фрэсиа нь гэмгүй, ариун цагаан үерхэл нөхөрлөлийг илэрхийлдгээс гадна маш сайхан үнэртэй. Эдгээр цэцэгс нь мөн анхны болзоонд ч тун тохиромжтой юм. Хүсвэл та цэцэгс дээрээ мэндчилгээ бичиж өгсөн ч болно. “Уулзсандаа таатай байна, Орой уулзъя” гэдэг ч юм уу.

Гэр бүлийн гишүүддээ өгөх цэцэгс

Эхийн хайрыг бэлэгддэг ягаан башир цэцгийг ээждээ өгөөрэй. Харин ягаан өнгийн сарнай талархал, хүндлэл, бахдалыг бэлгэдэнэ. Ер нь ягаан өнгийн ямар ч цэцэг таны тэр хүнд хэр их санаа тавьдгийг харуулах болно. Эдгээр цэцгийн баглаандаа цагаан өнгийн ямарч цэцгийг нэмж өгвөл тун сайхан харагдах болно.

 

Энэ бүхнийг уншсаны дараа цэцэг сонгох тийм ч хэцүү биш болсон гэж найдаж байна.

Эх сурвалж: teleflora.com